Monday, September 13, 2010

Дуут хүмүүний дурсамжын хэсгээс - Анхны шүлгийн тухай шүлэг

Үгүйрэл хоосрол, өвчин зовлон бүхнээ умардаж

Үүд дэлгэн хаалганы чинадад хүрсэн өдрөөс

Үйл, хүсэл цөм нэг мөр өөрчлөгдөн ахуйрч

Үнэн, худлын манан дундаас өөрийгөө олсон

Цагаан цасан дээр бичигдсэн шүлэг хүний мөр байсан

Цасны гялбаан нүдний минь нулимсанд чимэг нэмсэн

Доголон хүний мөр тэр цасан дээр зовлон бичсэн байсан

Дошгин бүсгүйн хадаасан өсгий түүн дээр зоолттой байсан

Тэгэхэд газраас хамгийн том олзоо би олсон юм

Цас шиг цагаан цаасан дээр мөр шиг хар бэх унагасан юм

Тэдний туулсан зовлонг тойрч гарахгүйгээ ойлгосон юм

Тэднээс дутуу жаргалгүй хүн биш гэдгээ мэдэрсэн юм

Хорин тавын үзэгний толгойноос хар цус нь цуварч

Харин миний нүднээс хар нулимс минь уварч

Хорвоогийн үнэнтэй зуузай холбох аянд гарсан юм

Хотлын амьдралд шунаж анх би шүлэг тамгалсан юм


Өвчин ороож, орон дээрээ, булан бараадан сууж агсан, уруусахын мөрөөдөлд автаж байсан хэцүүхэн мөчийг тэмцэн ядаж хаалганы цаанаас, цасан дээрээс амьдралыг олсон нэгэн цагийг дурсав.