Tuesday, March 20, 2012

Шүлгэнд талархах шүлэг

Уучлал, хуучлалын үүднээс нулимсыг үүрээд
Уурлал, бухимдлын хоймроос бачуурлыг дүүрээд
Айдас, эмээдэсийн сүрнээс уйтгарыг бүүрэглээд
Аз, хийморын одсон мөрнөөс нь хожимдлыг тэврээд
Сэтгэл гутрал хэмээгчийг хармаандаа хийгээд
Сэргэхгүй болтлоо муу бүхнийг цуглуулаад
Нүүрэндээ инээж бодолдоо үрчийсэн энэ амьдралдаа
Нэг л сайхан онгойтол шүлэг бичиж л тайвшрах юм

Monday, September 13, 2010

Дуут хүмүүний дурсамжын хэсгээс - Анхны шүлгийн тухай шүлэг

Үгүйрэл хоосрол, өвчин зовлон бүхнээ умардаж

Үүд дэлгэн хаалганы чинадад хүрсэн өдрөөс

Үйл, хүсэл цөм нэг мөр өөрчлөгдөн ахуйрч

Үнэн, худлын манан дундаас өөрийгөө олсон

Цагаан цасан дээр бичигдсэн шүлэг хүний мөр байсан

Цасны гялбаан нүдний минь нулимсанд чимэг нэмсэн

Доголон хүний мөр тэр цасан дээр зовлон бичсэн байсан

Дошгин бүсгүйн хадаасан өсгий түүн дээр зоолттой байсан

Тэгэхэд газраас хамгийн том олзоо би олсон юм

Цас шиг цагаан цаасан дээр мөр шиг хар бэх унагасан юм

Тэдний туулсан зовлонг тойрч гарахгүйгээ ойлгосон юм

Тэднээс дутуу жаргалгүй хүн биш гэдгээ мэдэрсэн юм

Хорин тавын үзэгний толгойноос хар цус нь цуварч

Харин миний нүднээс хар нулимс минь уварч

Хорвоогийн үнэнтэй зуузай холбох аянд гарсан юм

Хотлын амьдралд шунаж анх би шүлэг тамгалсан юм


Өвчин ороож, орон дээрээ, булан бараадан сууж агсан, уруусахын мөрөөдөлд автаж байсан хэцүүхэн мөчийг тэмцэн ядаж хаалганы цаанаас, цасан дээрээс амьдралыг олсон нэгэн цагийг дурсав.

Friday, July 30, 2010

Бусармаг ёсон

Царай минь цэвэрхэн биш ээ

Цамцны зах шиг минь бараан ч юм

Бялдар минь бадриун ч биш

Бас дээр нь тахир нуруутай юм

Хүн төрөлхтний гоо сайхан

Хүсэл, амжилтыг нь хуваалцах гэж биш

Хүсээгүй хэцүү, адармаат хатууг нь

Хүмүүсийн алдаа, гомдол, гунигийг нь

Галбын тэмээ шиг бөхт нуруундаа

Гажуу, далий, ахархан бодолдоо ч

Үүрэлцэж, дүүрэлцэн хамжихаар ирсэн юм

Үүндээ ч бас сэтгэл шулуурсан юм

Шөнө хэчнээн харанхуй тусам

Шүдэнзний мод үнэд орох шиг

Амдрал төдий гашуурах тусам

Азгүй над шигийн хэрэг гардаг юм

Шатаж дууссан ширхэг шүдэнзийг

Шалавхан хог руу шидэхтэй адилаар

Шаналсан үедээ хэрэг болгочихоод

Шавайгаа ханамагц бүгд л буруулдаг юм

Будантынд буусан ахархан амьдралдаа бусдыг дэмжих гэж ирсэнийг минь мэдчихээд, сэтгэлийн минь цагааныг буруу ашиглаж сааралтуулсан, итгэлийн баганыг минь илүү харж ганхуулсан бэртэгч үзэлтэй хүн бүхнийг уучлахын тулд сэтгэлдээ энэ шүлгийг тэрлээвэй.

Saturday, March 27, 2010

Би өөрийнхөө тухай

Тамхиа хэд хүчтэй сороод

Тэр булангаас үзэг, дэвтэр сэлтээ

Үзэмж муутай гартаа аваад, хар бэхээр

Үсэг, тэмдэгтийг өрж тавиад толгой юундаа

Үгс холбож шүлэг үүсгэх хүслээр

Нуруу бөхтийлгэн атирч суугаад

Намхан сандал, явган ширээ

Нэгэн мөчийн нүд гөлрөлтийн дараа

Нүцгэн, хувцасгүй шүлэг төрнө

Хүйг нь хайчаар биш цэгээр таслаад

Хүн төрүүлсэн мэт баясаж сууна

Бөгтөр шүлэгч.

Хязгааргүй бодлын эрээн мяраанаас өнгө түүж, яхигар ясан толгойдоо зураглах адил шүлэг хэмээх хэдэн унжсан мөрийг тархиндаа бясалгаж, гартаа үзэглэж суухын жаргалыд хөтлөгдсөн бөгтөр шүлэгч миний оршихуйг сонирхож ажаамуу эрхэм зочинтон.